Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хууль зүйн мэдлэгт

Төрийн болон бизнесийн байгууллага, иргэдэд зориулж шинээр гарсан хуулиудыг багцлан хүргэж байна.

 Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль

Наториатын тухай хууль

Эрүүл мэндийн тухай хууль

Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 

 Компанийн тухай хууль

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль

 Төсвийн тухай хууль

 Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль

Нийгмийн халамжийн тухай хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 

 

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлал

Өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Бэлгийн хүчирхийлэл”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтлал”, “Хил дамжин худалдаалагдах” гэмт хэрэгт өртөгсдийн дийлэнх олонхийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд эмэгтэй болж төрснөөсөө шалтгаалан олон төрлийн хүчирхийлэл дарамтлалын “бай” болж бие сэтгэлийн зовлонд унадаг. Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүдийг ялгаварлан, дорд үзэх хандлагатай холбоотой байдаг. Энэ бол нийгэм дэх хүйсийн тэгш бус харилцаа, эрх мэдлийн ялгаатай байдлаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудал. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу байдал олгох, аль нэг хүйсийг онцлох, эсвэл дорд үзэх хандлага нийгэмд ямар их сөрөг үр дагавар авчирдгийн тод жишээ юм.

-       Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж юу бэ? 

Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Энэ нь энгийн үгээр хэлбэл байгаль эхээс заяасан биологийн болон нөхөн үржихүйн ялгаатай байдлаас нь шалтгаалж нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхалтад шууд ба шууд бусаар өртөхийг хэлж байгаа юм.

-       Шууд ялгаварлан гадуурхалт гэдэг нь:

Бусдыг хүйсээр ялгаварлаж адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн бусдыг хүйсийн хувьд ялгаатай гэж үзэх, тэдний эрхийг хязгаарлах ялгаварлан гадуурхахыг зорилгоо болгосон  үйлдэл ба эс үйлдлээр илэрдэг. Жишээлбэл: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлах, эрэгтэйчүүдтэй ялгаатай тогтоох, улмаар тэтгэвэрт гарахыг шаардах, насны хязгаарлалт тогтоон ажилд авахгүй байх гм.

-       Шууд бус ялгаварлан гадуурхалт гэдэг нь:

Аливаа нэг хүйсэд хамааралгүй аливаа стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь хүнийг   эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ.

       Таны хүйсээс шалтгаалж дараах тэгш эрх, тэгш боломжийг тань хязгаарласан, үгүйсгэсэн  бол Ялгаварлан гадуурхалт гэж үзэж болно.

Улс төрийн хүрээнд:

  • Улс төрийн нам, үйлдвэрчний ба олон нийтийн бусад байгууллагад гишүүнээр нэгдэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох
  • Бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгох сонгогдох

Эдийн засгийн хүрээнд:

  • Аж ахуй нэгж байгуулах, эрхлэх, түүний үр шимийг хүртэх
  • Аливаа өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах

Хөдөлмөрийн харилцаанд::

  • Ажилд орох, албан тушаалд дэвших
  • Жирэмсэн, хүүхэд асарсны улмаас ажлаас   халах
  • Хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох
  • Ижил ажилд, адил цалин хөлс тогтоох
  • Хүйсээс хамаарч эрт тэтгэвэрт гаргах
  • Ажлын байранд бэлгийн дарамтанд оруулах

Боловсролын хүрээнд:

  • Боловсрол эзэмших, мэргэжил олгох, мэргэжлээ дээшлүүлэх, сургалтын зээл, тусламж, тэтгэлэг авах

Эрүүл мэндийн хүрээнд:

  • Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаатай байдалд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах

Гэр бүлийн хүрээнд:

  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад оруулах

-       Юуг “Жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэж үзэхгүй бэ?

  • Зөвхөн нэг хүйсийн онцлог хэрэгцээнд зориулсан эрүүл мэнд, боловсролын зэрэг төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх
  •  Оюутан, суралцагчдын дотуур байр, эмнэлэг, асрамж, амралт, сувилал, хорих болон түр саатуулах газар, эрүүлжүүлэх байранд хүйсээр нь ялган байрлуулах
  • Аль нэг хүйсийн гишүүнчлэл бүхий олон нийтийн ба төрийн бус байгууллага байгуулах
  • Зөвхөн нэг хүйсийн хүмүүсийг хамруулсан урлаг спортын арга хэмжээ зохиох
  • Тухайн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж ажилд авахдаа зөвхөн нэг хүйсийн хүнийг сонгох

-       Жендэрийн ялгаварлан гадуурхалтад өртсөн бол хаана хандах вэ?

2011 оны 02 дугаар сарын 02 өдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” батлагдсан. Энэ хуулийн дагуу Хүний Эрхийн үндэсний Комисст гомдол гаргана. Комисс таны гомдлыг хүлээн авч 30 хоногт багтаан хариу өгнө.

 Жендэрийн ялгаварлан гадуурхалт ямар хор уршигтай бэ?

Үүнийг тайлбарлахын өмнө Жендэр гэж юу бэ? гэдэг асуултанд хариулья. Жендэр гэдгийг Монгол хэлнээ хөрвүүлбэл ”хүйс” гэж орчуулагддаг. Гэвч энэ нь эрэгтэй эмэгтэй хэмээх бидэнд байгалиас заяасан, үл өөрчлөгдөх хүйс буюу бидний биологийн ялгааг тодорхойлсон ойлголт биш юм. Харин цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгддөг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх, байр суурь, гүйцэтгэх үүргийг илэрхийлдэг ойлголт юм. Жендэр гэхээр дан ганц эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хэмээх ташаа ойлголт олон нийтийн дунд нийтлэг байдаг. Энэ ойлголтонд эрэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш боломж бас давхар яригдах бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг  хангах тухай асуудал юм. Энэ нь эмэгтэй ба эрэгтэйчүүд аливаа нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, нийгмийн баялаг хөгжлийн үр шимээс тэгш хүртэх ингэснээр хөгжилд адил тэгш хувь нэмрээ оруулах тухай ойлголт юм.

 

-       Жендэрийн тэгш байдал хангагдаагүй цагт нийгэмд ямар хор уршиг авчирах бэ?

Жендэрийн эрх тэгш байдал хангагдаагүй цагт хүйсийн ялгаатай байдлаас улбаатай нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхалтад өртөх, тэгш эрхээ бодитойгоор эдлэх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл Жендэрийн эрх тэгш байдал алдагдахад хүрдэг.Энэ нь хувь хүнд төдийгүй  улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал: аливаа хүн жендэрийн ялгаварлан гадуурхалтад өртсөнөөс үүдэн тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол ба ухамсарын доройтол, хариуцлагагүй үйлдлүүд зэрэг тухайн улс орны хөгжилд саад бэрхшээлийг дагуулдаг.

 -       Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль таньд ямар боломжийг олгосон вэ?

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаар: Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд аль нэг хүйсийг ялгаварлан гадуурхах асуудлыг хориглож, эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн амьдралд тэгш оролцох, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд адил тэгш хувь нэмрээ оруулах боломжийг бий болгосон. Товчоор хэлбэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн.  

Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд иргэний тэгш эрхийг хангах асуудлыг тодорхой хуульчлан баталгаажуулсан байдаг билээ. Тухайлбал Үндсэн хуульд "Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.", "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.", " төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж тус тус   заасан. 

Үндсэн хуулийн дээрх зүйл заалтыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрх тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн бодлого, шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхэлснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал:

Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, УИХ-ын 2005 оны 25 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод хөгжлийн хөтөлбөр, 2008 оны УИХ-ын 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, зэрэгт тусгасан байдаг.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулах, үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, жендэрийн статистик мэдээллийг гаргах зэрэг асуудал төлөвлөгдсөн байна.

Жендэрийн  эрх тэгш байдлыг хангах асуудал эдийн засаг, нийгэм, соёл, улс төр, гэр бүл зэрэг бүхий л салбарыг хамардаг. Гэсэн хэдий ч үндэсний бодлого хууль тогтоомжид эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах талаар тусгагдсан заалтууд нь ихэвчлэн тунхаглалын шинжтэй, салбар хоорондын нэгдсэн зарчим, үзэл баримтлалд тулгуурдласан зохицуулалт хийх механизм сул түүнчлэн уендэрийн ялгаварлан гадуурхалтын улмаас үүссэн маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлоогүй байгаа нь бие даасан хуулийг боловсруулах шаардлагыг бий болгож байна. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй, тэнцүү үүрэг хариуцлага хүлээдэг байхын зэрэгцээ энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж нь адил байхыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн чиг хандлагыг үзэхэд олон орон, түүний дотор Зүүн Азийн орнуудын ихэнх нь жендэрийн харилцааг зохицуулсан тусгай буюу багц хуультай болсон байна.

Хуулийн зохицуулалт нь тэгш эрхийн, ялгаварлан гадуурхахгүй байх, төр засгийн үүрэг, амлалтын нэгдлийг хангах зэрэг зарчмуудаас гадна жендэрийн асуудлын цар хүрээ, салбар хоорондын зохицуулалтын шаардлага, жендэрийн зөрчлийн нуугдмал байдал зэрэг онцлогийг харгалзан жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим, жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчмуудад тулгуурлахаар төсөлд заалаа. Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрийн хэвшмэл үзэл, жендэрийн ялгаварлан гадуурхалт зэрэг холбогдох нэр томъёог дэлгэрэнгүй тайлбарласан.

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүний эдлэх эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад учруулах, тэгш боломжийг үгүйсгэх буюу эрх зөрчихөд хүргэж байгаа, түүнчлэн ялгаварлах, хавчин гадуурхах, үгүйсгэх, давуу байдал олгох зорилго буюу үр дагавар бүхий хүйсээр буюу хүйсийн шинж чанар, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хуулиар хориглож байгаа.

Гэхдээ тайз, дэлгэцийн болон бусад уран бүтээлд дуу оруулах, дүрд тоглох, ёс зүйн хэм хэмжээ буюу хувийн нууцыг хадгалах зэрэг ажлын шаардлагын улмаас зөвхөн нэг хүйсийн хүнийг ажиллуулах; зөвхөн нэг хүйсийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол зэрэг дагнасан үйлчилгээ үзүүлэх; оюутан, сурагчдын дотуур байр, эмнэлэг, асрамж, амралт сувилал зэрэг газарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүйсээр ялган байрлуулах; орон сууц түрээслэх буюу хамтран хөлслөхөд зөвхөн аль нэг хүйсийн хүнийг сонгох; аль нэг хүйсийн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага байгуулах; нэг хүйсийн хүмүүсийг хамруулсан урлаг, спорт гэх мэт төрөлжсөн уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг жендэрийн ялгаварлан гадуурхалтад үл хамааруулахаар тусгаж өгсөн.

Мөн дээрхи хуульд төрийн байгуулалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгаа болох төрийн алба болон улс төрийн нам дахь тэгш эрхийн баталгааны зэрэгцээ сонгуулийн тэгш эрхийг баталгаажуулжг тусгав. Энэ хүрээнд тэгш эрхийн баталгааг бүрдүүлэхийн тулд манай өнөөгийн эрэгтэй, эмэгтэй хүний тэгш байдлын бодит үнэлэмж, түүнээс урган гарч буй аль нэг хүйсийг илүүтэйгээр дэмжих шаардлагыг үндэслэн ялгамжтай заалтуудыг ч тусгасан болно. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах, улмаар аль нэг хүйсийн төлөөллийн тэнцвэргүй байдал үүссэн нөхцөлд эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн чадварыг бүрэн хөгжүүлэн ашиглах, хөгжлийн үр шимээс адил хүртэх тэгш боломжийг хангахад чиглэгдсэн тусгай арга хэмжээг төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж болохоор заалаа. Мөн эдийн засаг, нийгэм-соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааг тусгав. Уг баталгааг эдийн засаг, хөдөлмөр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд хэрхэн хангахыг нарийвчлан авч үзлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлов. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах асуудал нь хөгжлийн бүхий л салбарыг  хамардаг тул  жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоонд хууль тогтоох болон бүх шатны гүйцэтгэх байгууллага, хүний эрхийн үндэсний комисс, шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөх, нутгийн өөрөө удирдах байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллага  хамаарахаар тусган, тэдгээрийн эрх, үүргийг заасан. Уг тогтолцооны байгууллагууд жендэрийн эрх тэгш байдлыг өөрийн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд  хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбогдсон төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд төр, олон нийт, иргэний болон бусад байгууллага, аж ахуйн нэг, иргэдийг татан оролцуулах, нэгдмэл үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороо ажиллахаар хуульд тусгасан. Тус хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд орон тооны бус гишүүдээс бүрдэх юм.

Эцэст нь Шинээр батлагдсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулин дахь Төрийн албан дахь жендерийн эрх тэгш байдлын баталгаа нь Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд юун түрүүнд төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл аймагт 15 хувиас, суманд 25 хувиас доошгүй, төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг баримталж байхаар тусгасан байна.  Эрх зүйн практикт ямар нэг байгууллагын болон түүний удирдлагад ажиллагсдын, эсвэл бүх шатны сонгуулиар нэр дэвшигчдын болон томилгоот албан тушаалд ажиллагсдын дотор эрэгтэй, эмэгтэй хүний эзлэх хувийн доод хязгаарыг тогтоож өгөх "квот" гэдэг аргыг өргөн хэрэглэж иржээ. Түүний гол зорилго нь парламент, Засгийн газар, орон нутгийн түвшинд сонгогдох болон томилогдон ажилладаг байгууллагуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдүүлэх явдал аж. Өнөөдөр дэлхийн 40 гаруй улс хуулиар, 50 гаруй улсад улс төрийн намууд дүрмээрээ квотыг тогтоон хэрэгжүүлдэг байна.



facebook page
twitter