Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Товч түүх

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ, ТОВЧ ЗАМНАЛ

     Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй.

     1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ.

    Өвөрхангай аймгийн ард түмэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн ардын төрөө дэмжин хүрээлж аймаг, сумаа байгуулан бэхжүүлж хөгжүүлэхэд сэтгэл зоригоо нэгтгэн зүтгэсний үр дүнд орон нутгийн захиргаад богино хугацаанд цэгцрэн, сургууль, хүн, малын эмнэлэг, хоршоо худалдаа, артель, хоршооллууд анхлан байгуулагдаж төрийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

       Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 109 багтай, 33 мянган гаруй өрх, 113 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 8 мянган гаруй айл, өрх, 30 мянган хүн оршин суудаг.

     Өдгөө зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзлэж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

   Хосгүй сайхан байгаль өнө мөнх дурсагдах уламжлалт ёс заншлаа сэргээн хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол, ахан дүүсээрээ ажлын байр бий болгож, амьдрал ахуйгаа дэвжээж, их бүтээн байгуулалтын ажилд Өвөрхангайчууд шамдан ажиллаж байна.

 ГУРАВ. ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ 

    Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

     Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Нутгийн минь сахиус тэнгэр болсон Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

     Аймгийн төвөөс баруун тийш орших “Баян толгой”-д байгуулсан Монгол түмний Морины их шүтээн цогцолбороор мөн бахархан шүтдэг.

 ДӨРӨВ. ХҮНИЙ ХӨГЖИЛ 

         Аймгаа хөгжүүлэх бодлогын төвд хүний хөгжлийг тавьж, хөгжлийн эх сурвалж болсон хүн ардаа хөгжүүлэх, боловсролтой болгох, нутгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, бие даан хөгжих суурь нөхцлөө бүрдүүлэх, хууль ёсоор дээдлэн сахих, сахилга, дэг журмыг хангах зэрэг олон зорилтуудыг дэс дараатай  хэрэгжүүлсний үр дүнд ардчилсан нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжиж, орон нутагтаа өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж байна.

   Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам тогтвортой өсч, дундаж наслалт 67 гаруй байна.

   Ерөнхий боловсролын 30 сургуулийн 788 бүлэгт 21.1 мянган хүүхэд суралцаж, 40 цэцэрлэгийн 259 бүлэгт 6.2 мянга хүүхэд хүмүүжин суралцдаг. Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын салбарын 6, автозам, тээврийн салбарын 7, хөдөө аж ахуйн салбарын 5, мэргэжил, нийт 29 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн хэмжээнд БОЭТөв 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 1, сумын эрүүл мэндийн төв 16, өрхийн эмнэлэг 8 үйл ажиллагаа явуулж байна. Аймагт 4 сувилал, ортой хувийн эмнэлэг 4, үүдэн эмнэлэг 17 иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 6 аймгийн 76 сумын хүн амд үйлчилж байна.  

     Дээрх салбаруудад олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд үе шаттайгаар амжилттай хэрэгжин, ажиллагсдын мэдлэг ур чадварыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, барилга байгууламж шинээр барих, засварлах, байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн хэрэгцээнд нийцсэн олон ажлууд хийгдэж байна.

 ТАВ. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ

      Аймгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж,2016 оны байдлаар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 12,0 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 14,9 тэрбум төгрөгт хүрч, их бүтээн байгуулалтын ажлууд нь иргэдийн орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

Бүх сумд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг эдийн засгийн дэд бүтэц сайн хөгжсөн нь Өвөрхангайчуудад өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлж, аж ахуйн нэгжийн тоо 1728-д хүрч, иргэд, байгууллагын мөнгөн хадгаламж 88.1 тэрбум төгрөгт хүрч, урьд оноос хадгаламж эзэмшигчдийн тоо 4.5 хувиар өссөн байна. 

 ЗУРГАА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Монгол орондоо төдийгүй дэлхийн түүхэнд мөнхөрсөн XIII зууны эртний Монголын  эзэнт гүрний нийслэл Хархорум хот нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны төв байсаар Бурхан шашны анхны төв Эрдэнэ-Зуу хийд, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монголын бурхан шашны тэргүүн, анхдугаар Богд төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар, түүний хосгүй бүтээл соёмбо, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар нутаг зэрэг нь Өвөрхангайчуудын түүх, соёлын бахархал мөн.

Улсын хэмжээний аялал жуулчлалын гурван том бүс нутгийн нэг Орхоны хөндийн сав газрыг түшиглэн тус аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Тус аймаг нь 15 жуулчны баазад жилд дунджаар 25000 орчим жуулчин тогтмол хүлээн авч үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсад айлчлан ирж байгаа нийт жуулчдын 25% буюу 90000 гаруй жуулчин манай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна.

ДОЛОО. БИДНИЙ БАХАРХАЛ

Монгол улсаа хөгжүүлэхэд Өвөрхангай аймгаас төрөн гарсан Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Улсын Бага хурлын анхны дарга П.Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбэ, Монгол Улсын сайд С.Довчин, Ч.Чойдогсүрэн, Г.Даншийцоодол, Ж.Сэнгэдорж нарын зэрэг эх оронч олон хөвгүүд ардын төр, засгаа бэхжүүлэхэд амь бие хайргүй зүтгэж тэмцэж явав.

Харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах, эх орны дайны жилүүдэд анд Зөвлөлтийн ард түмний тэмцлийг дэмжих, Японы түрэмгийлэгчдээс хөрш Хятад орныг чөлөөлөх үйлсэд Өвөрхангайчууд Монголын ард түмнийхээ хамт баатарлагаар тэмцэж Монгол Улсын баатар Л.Аюуш, эх оронч Д.Дашдондог нарын зэрэг олон арван баатар зоригтнуудын гавъяагаар ялалт, амжилтыг авч ирэлцсэн түүхтэй эрэлхэг гавъяатай ард түмэн билээ.

Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих өөрчлөлт, хөдөлгөөн өрнөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой болгох, соёл урлагийг хөгжүүлэхэд үлэмж их амжилт олсон юм. Тухайлбал: Монголын соёл, боловсрол, урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, яруу найрагч Ц.Гайтав, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа, уран сийлбэрч Л.Чуваамид, ардын зураач А.Сэнгэцохио, нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав, П.Хорлоо, математикч Г.Дашдорж, нобелийн шагналт эрдэмтэн Жаргал,  алдарт уртын дуучин Нямлхагва, МУГЖ Ө.Базарбат, Д.Баттөмөр, Г.Очирбат, Д.Түвшинжаргал, С.Цоодол нар энэ нутаг уснаас төрсөн бөлгөө.

 Олноо алдаршиж онцгойрон тодорсон Их монгол Шаравжамц, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, дэлхийн аварга Зэвэгийн Ойдов, Мэндийн Хойлогдорж, ардын багш ах дүү хоёр Чимидбазарын Дамдиншарав, Насантогтох, сумогийн их аварга Долгорсүрэнгийн Давгадорж нар нь Өвөрхангай аймгийн төдийгүй дэлхийн спортын салбарын бахархал билээ.



facebook page
twitter