Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
"Өвөрхангайн бахархал" төслийн анхны дэд төсөл "Өвөрхангайн бахархал - Л.Аюуш" төсөл амжилттай хэрэгжлээ

Өвөрхангай нутгийн бахархал болсон түүх, соёлын биет болон биет бус өвийг залуу хойч үедээ сурталчилан таниулах, түүхэн хүмүүсийн алдар гавьяаг урлаг уран сайхны арга хэлбэрээр мөнхжүүлэн, алдаршуулах зорилготой "Өвөрхангайн бахархал" төслийг аймгийн залуучууд нэгдэн хэрэгжүүлж байна.

Тус төсөл “Өвөрхангайн бахархал Л.Аюуш” дэд төслөөр амжилттай эхэлсэн. Төслийн хүрээнд БНМАУ-ын баатар Л.Аюушийн тухай түүхэн бодит яриа, эх сурвалжуудад үндэслэн Зохиолч Д.Өсөх-Эрдэнэ "Гуулин ээмэг" нэртэй түүхэн роман бичиж, тус зохиолоор аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Э.Дашзэвэг түүхэн драмын жүжгийг найруулан олны хүртээл болгов.  Арвайхээр хотын төвд байрлах БНМАУ-ын баатар Л.Аюушийн хөшөөг сэргээн засварлаж,өнгө үзэмжийг нь сайжруулах асуудлаар аймгийн Засаг даргад санал тавьсны дагуу шийдвэрлүүлж,засварлуулах ажлыг зохион байгуулжээ. БНМАУ-ын баатар Л.Аюушийн нэрэмжит цэрэг, эх орны сэдэвт "Монгол улсын төлөө" яруу найргийн наадам, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "БНМАУ-ын баатар Л.Аюушийг хэн сайн мэдэх вэ?" шилдэг бүтээлийн уралдааныг зарлан, шилдгүүдээ шалгаруулж, Төгрөг сумын Соёлын төв, аймгийн Музейтэй хамтран "Өвөрхангайн бахархал Л.Аюуш" түүхэн үзэсгэлэн зохион байгуулсан байна.

Орон нутгийн “Соёмбо” телевизтэй хамтран "Өвөрхангайн бахархал Л.Аюуш" түүхэн нэвтрүүлэг болон түүний тухай нийтэлсэн сэтгүүл хийгдэж байгаа ажээ. "Өвөрхангай бахархал" төсөл цаашид үргэлжилнэ хэмээн төслийг санаачилан зохион байгуулж буй залуучууд хэлж байна.




facebook page
twitter