Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Ахмадаа дээдлэх жилийн ажлын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Ганболдын хэлсэн үг

"АХМАДАА ДЭЭДЛЭХ ЖИЛ"-ИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Хүндэт буурлууд, ахмадууд та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтгахын хамт “Ахмадаа дээдлэх жил”-ийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол улсынхаа тусгаар тогтнолыг дэлхийд зарласан, атар газар, хотжилт, үйлдвэржилт, тээвэр, худалдааны салбарыг хөгжүүлэх, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд гар бие оролцож, бүтээлч, шударга хөдөлмөр зүтгэлээ зориулан ирээдүй хойч үедээ асар их баялагийг бүтээж өгсөн ахмад буурлууд Та бүхнийхээ ач гавьяа, алдар суугаар бид үргэлжид бахархаж явдаг билээ.

Энэ ч утгаараа 2017 оныг бид “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тодорхой зорилтуудыг ахмад настануудынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, гэр бүл, ахан дүүс, залуу хойч үеийнхний дунд ахмадаа дээдлэх хүндлэлийг төлөвшүүлэх, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг үзүүлэх,  тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш хүртээхэд чиглүүлэн ажиллахаар төлөвлөж ийнхүү өнөөдөр жилийн ажлынхаа нээлтийг зохион байгуулж байна.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар  “Ахмад настны тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөл нь ахмад настны нийгмийн хамгааллын асуудлаас гадна Та бүхний эрхийн асуудал, түүний дотор ахмадуудын хөгжих, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох эрх,  түүний хамгааллын асуудлыг зохицуулахаар боловсруулагдаж урьдчилан хэлэлцүүлгээр дэмжигдэн яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Энэ хууль батлагдсанаар Монголын төр ахмадууд Та бүхнээ зөвхөн халамжлах биш оролцоог тань дэмжих, та бүхний оюуны шавхагдашгүй их нөөц, ажлын арга барил, хуримтлуулсан туршлагыг тань улс орныхоо бүхий л салбарын бодлого, төлөвлөлт, хөгжил, цэцэглэлтэд түгээн дэлгэрүүлж, та бүхний ая тухтай, эрүүл, аюулгүй, сэтгэл зүйн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн цоо шинэ орчин бий болох юм.

Эрх зүйн цоо шинэ орчин бүрдэж буй энэ үед Өвөрхангайчууд бид бүх нийтээрээ “Ахмадаа дээдлэх” зорилт дэвшүүлсэн нь цаг үеэ олсон, оновчтой шийдэл байлаа хэмээн онцлон тэмдэглэхийг хүсч байна. Ийнхүү ахмадууд Та бүхний хөгжил, оролцоог дэмжсэн эрх зүйн орчин бүрдсэнээр бид энэ жил төлөвлөсөн бүхий л ажлуудаа оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх бодит нөхцөл бас бүрдэж байгаа юм. Тодруулбал 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгох, ахмадуудад үзүүлэх эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх  үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөр төслүүд хэрэгжиж эхлэх гээд олон олон  боломжууд бий болох юм.

Мөн бодит үр дүнг нь шууд хэлж болох нэг ажил бол,  “Бид энэ жил ахмадууддаа зориулан Арвайхээр сумын төвд “Ахмадын өргөө” барьж ашиглалтад оруулах ажил”  гэж онцлон хэлмээр байна. Манай аймгийн хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт 9878 ахмад настан байна. Эдгээр ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд тодруулбал, өндөр настаны тэтгэвэр, алдарт эхийн одонтой эхчүүдийн урамшуулал, Монгол Улсын болон хө­дөл­мөрийн баатар, ардын цолтон, дайнд оролцсон ах­мад дайчдад улирал тутам олгодог мөнгөн тусламж, гавьяат цолтой ах­мадуудын тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, түүнийг асрамжилж байгаа иргэнд олгодог мөнгөн тэтгэмж, рашаан сувиллын хөнгөлөлт, эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээ, нүд,  шүд, нуруу, өвдөгний үе зэрэг хиймэл эд эрхтэн суулгах, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудад туслах хэрэгсэл олгох, ахмадын баяр, сар шинийн баяраар ахмад настанууддаа хүндэтгэл үзүүлэх зэрэг 20 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлж улсын болон орон нутгийн төсвөөс  36 тэрбум төгрөгийг  зарцуулсан байна.

Үүнээс давхардсан тоогоор 13614 ахмад настанд 1.8 тэр бум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлжээ. 2017 онд хэдийгээр бид эдийн засгийн хямралтай, төсвийн алдагдалтай хэдий ч ахмадууддаа олгох нийгмийн хамгааллын дээрх үйлчилгээнүүдийг улам сайжруулж, боломжит хэлбэрээр нэмэгдүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо шавхан ажиллах болно гэдгээ Та бүхэнд илэрхийлж байна. 

Ахмадуудын маань ил хэлж ярьж чадахгүй ч сэтгэл дотроо хурааж хуримтлуулсан  хүнд хэцүү асуудлууд нэлээд байна. Тухайлбал,  Бодит орлого болох тэтгэвэр нь амьжиргааныхаа хэрэгцээг хангаж чадахгүй байх, тэтгэвэрээ урт хугацаагаар зээлсэн, үр хүүхдүүд нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, орон байрны ая тухтай байдал нь алдагдсан, тэжээллэг, чанарлаг хоол хүнсний хэрэглээ нь хязгаарлагдмал, эрүүл мэндийн үйлчилгээнд огт хамрагддаггүй эсхүл удаан хугацаагаагаар эмчилгээ хийлгэж байгаа, бусдын асаргаанд байдаг,  эдгэшгүй өвчин, ганцаардлаас үүдэлтэй сэтгэл гутралд орсон гээд олон асуудлууд байна.

Эдгээр асуудлуудыг бид нэгэнт олж харсан болохоор бага багаар ч болов шийдвэрлэхийн төлөө тодорхой ажлуудыг энэ жил онцгойлон төлөвлөсөн. Тухайлбал, жилийн ажлын хүрээнд бүх ахмад настнуудаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, хөдөлмөр эрхлэх чадвартай ахмад настануудын судалгааг нарийвчлан гаргаж хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, мэргэжлийн өндөр ур чадвартай ахмадуудын зөвлөх багийг салбар бүр дээр байгуулан ажиллуулах, ахмадуудад хадгалагдаж буй үндэсний ёс заншил, уламжлал, өв соёлыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор шавь сургалтууд зохион  байгуулах, гэр бүл, хамт олон, хүүхэд залуучуудад ахмадаа дээдлэх, ахмадаа хүндлэх хүндлэлийг төлөвшүүлэх, ахмадуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн сонин, сэтгүүлээр үйлчлэх, дуулж, бүжиглэх, спорт тоглоом тоглох, хийн болон бясалгал дасгал хийх, эрүүл мэндийн асаргаа сувилгаа авах, сэтгэл зүйн зөвлөгөө авах, алжаал тайлах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх зэрэг  ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Мөн ахмадууд Та бүхэн үйлчилгээний байгууллагуудаар оочер дараалалгүй үйлчлүүлэх, Та бүхнийг төрийн үйлчилгээ авахаар аль нэгэн байгууллагад хандахад таныг хөтлөн чиглүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх хөтөч үйлчлэгчийг ажиллуулах гээд төрөөс үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. 

 Харин энэ бүх ажлыг зохион байгуулахад төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд, өрх айл, иргэн бүрийн идэвх, санаачилга, оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон хэлье. Жилийн ажлыг зохион байгуулахад хөрөнгө мөнгө шаардахгүй, сэтгэл зүтгэлээр бүтэх олон ажлууд байгаа. Ахмадуудынхаа сайн сайханы төлөө бүх нийтээрээ зүтгэх нь бидний үүрэг, бас  хариуцлага хэмээн ухамсарлаж дор бүрнээ хичээн ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч бас уриалж байна. Ахмад настнуудаа ачлан дээдэлсэн тэр их үйлс бид бүхэнд ач буянаа гийгүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд улс эх орныхоо өмөг түшиг болсон Та бүхэндээ эрүүл энх урт удаан насалж, сэтгэл дүүрэн аж төрж, ач буянаа гийгүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  




facebook page
twitter